Манай улс энэ жил нийт 616 мянган га-д тариалалт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн. Улмаар улаанбуудай тариалсан нийт талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онцсайн үнэлгээтэй гарчээ. Одоо ургаж боловсорсон тариа, будаа, хүнсний ногоогоо цасанд даруулж, мөндөрт цохиулчихалгүй хураах нөр их ажил үлдсэн. Тодруулбал, есдүгээр сарын 15-наас ургац хураалт эхэлнэ. Хөдөөгийн тариаланчид намрын намар тариа, ногоогоо хураах хүн хүчээр дутмаг байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дагуу ХХААХҮЯ-наас энэ жил оюутан, залуус, цэргийн алба хаагчдыг намрын их ажил оролцохыг урьж, аж ахуйн нэгжүүдэд хандаж иргэдэд өдрийн ахиу цалин олгохыг уриалсан.
ХХААХҮЯ-нд 13 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн мэдээгээр намрын тариа, ногоо хураалтад оролцохоор 7300 иргэн саналаа ирүүлсэн гэнэ. Салбарын яамнаас санал ирүүлсэн дээрх иргэдийг газар, тариалангийн аж ахуйн нэгжүүдтэй холбон өгч буй. Хувь иргэн, жижиг аж ахуйн нэгжүүд иргэдтэй тохирч өдөрт 30 000-35 000 төгрөгийн цалин олгон ажиллуулж байна. Харин томоохон ажил ахуйн нэгжүүд иргэдэд хоногийн 50 000 төгрөгийн урамшуулал амлан, ажилд авч эхэлжээ.
Үүнээс гадна ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар манай улс хэдий хэмжээний тариа буудай хураах, хэчнээн хүн хүч хэрэгцээтэй байгаа талаарх мэдээллийг танилцуулна. Тус яамныхан ургац хураалтын ажилд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг цаг алдалгүй хийж эхэлсэн байна.
Ойрын өдрүүдэд болон ирэх сард цочир хүйтэрнэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан. Ургацаа бүрэн авахын тулд дор бүрнээ хичээх хариуцлагатай өдрүүд ирсэн гэдгийг салбарын яамнаас онцолж байгаа юм.
Тэгвэл ХНХЯ-ны харьяа ХХҮЕГ-аас авсан энэ оны долдугаар сарын 31-ний мэдээгээр бүртгэлтэй ажилгүй иргэн 15 232 байгаа аж. Нийслэл, аймаг, сумдын Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас дээрх иргэдэд хандаж, намрын тариа хураалтад оролцох, өдрийн цалинтай ажил санал болгож буй. Улмаар тариа хураалтаас татгалзсан ажилгүй иргэдэд цаашид Хүнсний эрхийн бичиг олгохоос татгалзана.