УИХ-ын дарга Г.Занданшатар Боловсролын багц хуулийн төслийн боловсруулалтын явц, байдлын талаарх хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ. Боловсролын чанар урт хугацааны үр дүнгээр хэмжигддэг тул багц хуулийн төслийг ирэх хаврын чуулган хүртэл нухацтай хэлэлцэж байж батлахаар төлөвлөн, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж буйг УИХ-ын дарга онцолсон. Тэрбээр “Орчин үеийн хөгжил боловсролын салбараа шинэ түвшинд гаргах шаардлагыг бидэнд тавьж байна. Технологийн IV хувьсгал буюу хиймэл оюун ухаан, их өгөгдөл, дижитал шилжилтийн энэ эрин үед шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил хувьсан өөрчлөгдөж байна. Нийт мэргэжлийн ажлын 40 хувийг 2050 он гэхэд роботууд хийж гүйцэтгэх бололцоотой гэж хүртэл ярьж байна. Харилцаа, хандлага, багаар ажиллах ур чадварын боловсрол олгох нь түлхүү болно гэх жишээгээр дэлхий нийтээрээ хувьсан өөрчлөгдөж буй хөгжлийн явцыг угтаж тооцоолон Боловсролын багц хуулийн төслөө боловсруулах нь зүйтэй. Манайд ерөнхий боловсролын сургалт дэлхийн түвшнээс хоцрогдохооргүй сайн байсан үе бий. Гэхдээ хүн бэлтгэх ухаанд дэлхий нийтээрээ асар их өөрчлөлтүүд бий болж буй учир тухайлбал, хүмүүнлэгийн боловсролыг хуульчлах нь чухал гэж үзэж, багц хууль дотор Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн ажлын хэсгийг тусад нь байгуулсан. Боловсролын агуулгыг суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тодорхойлж, урт хугацаанд тогтвортой, дор хаяж 30 жил хэрэгжихээр үр дүнг нь тооцож төслөө боловсруулъя” гэв.
Багц хуулийн төслийн хүрээнд долоон ажлын хэсэгт 23 гишүүн багтан ажиллаж буй аж. Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил “Хүүхдийг дунд, сайн сурдаг гэж ангилаад эхэлбэл насаараа тэгж ялгагдах болдог. Олимпиадад оролцдог, оролцдоггүй хэмээн ялгадаг арга барилаар бус, орчин үеийн шинжлэх ухааны сургалтын нээлт, ололтуудыг хуулийнхаа ерөнхий үзэл санаа, агуулгад тусгаж, үүнийг ойлгодог багш, эцэг эхийг бэлтгэх өөрчлөлтийг багц хуулиараа эхлүүлмээр байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тус хэлэлцүүлэгт оролцсон багш, ажилтан, удирдлагын төлөөлөл сургалтын хугацаанд нэг хүүхдэд зориулах зардлыг нэмэх, бүх шатны сургалтын байгууллагын багш, ажилтнууд хүүхэдтэй зүй бус харилцахгүй байх зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах, уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлого хэрэгжүүлэх нь зүйтэйг хэлж байлаа.
Мөн ажлын хэсгийнхэн энэ өдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай танилцав.