Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн нутгаас 22 тарвагыг агнаж, тулмыг нь худалдсан зөрчлийг илрүүлж, Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгаж эхэлсэн. Улмаар хууль бусаар ан хийсэн дөрвөн иргэнд тус бүр 150.000, тулмыг худалдан авч Арвайхээр сум руу тээвэрлэсэн хүнд 300.000 төгрөгийн торгууль оногдуулж байгаль орчин учирсан хохирлын 7.660.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тарвага агнахад ашигласан гурван бууг Цагдаагийн газарт, 22 туламд тахлын шинжилгээ хийлгэхээр ЗӨСТ-д шилжүүлсэн гэнэ.
Өдгөө Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар нь тарвага агнасан, мах, түүхий эдийг худалдаалсан зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс хүлээн авч байгаа. Хэрэв тарвага агнасан, мах, арьс, түүхий эдийг худалдаалсан, худалдан авсан талаар баттай мэдээлэл өгвөл байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54.4-д заасны дагуу нийт торгууль, нөхөн төлбөрийн 15 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох журамтай бөгөөд мэдээллийг нууцалдаг аж.