Булган аймгийн Баян-Агт сумын нутагт орших Халтарын гол гэх газарт өнөөдөр 04.06 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон судлал, геофизикийн хүрээлэнгээс 04.15 цагт Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар мэдээлсэн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учруулаагүй хэмээн мэдээлжээ.