Оюуны өмчийн хулгай, үүнтэй холбоотой аливаа асуудал, хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэхдээ монголчууд маруухан гэхэд хилсдэхгүй. Бүр хатуухан хэлэхэд, хариуцлага тооцох нь битгий хэл, дуугүй өнгөрөөх нь элбэг. Харин оюуны өмчийн хуулийг хэрэгжүүлдэг, тэр дундаа хурдан, "ууртай" арга хэмжээ авч чаддаг төрийн төмөр нүүрийг монголчууд өнөөдөр нүдээрээ харлаа. Нэг л өглөө сэрэхэд улсын төсөв буюу татвар төлөгчдийн хоёр тэрбум төгрөгөөр барьсан "Хүлэг Боорчи-Андлалын өргөө" цогцолборыг нурааж орхих нь тэр. Үүний гол шалтгааныг оюуны өмчийн маргаанаас үүдэлтэй гэж холбогдох албаныхан мэдээлж буй.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, "Хос санаа" компанийнхан хамтран гуравласан гэрээ байгуулж, МУУГЗ Д.Эрдэмбилэгийн зураг төслийн дагуу 2018 оноос "Хүлэг Боорчи-Андлалын өргөө" цогцолборыг барьж эхэлсэн. Харамсалтай нь, Д.Эрдэмбилэг барилгын ажил явагдаж байх үед хүнд өвчний улмаас таалал төгссөн байна. Үүнээс үүдэн талийгаачийн зураг төслийн гүйцэтгэлд хяналт тавих боломжгүй болсон учраас оюуны өмчийг цуцалсан хэмээн БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэв. Ингэснээр тус хөшөөг үргэлжлүүлэн барих ажлыг зогсоож, "Хос санаа" компанийнхан дөрвөн удаагийн олголтоор авсан 1.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэхээр болсон талаар өнөөдөр олон нийтэд зарласан.
Хөшөөг барьж эхэлсэн цагаас л олны шүүмжлэл тасралтгүй үргэлжилсэн юм. Арга ч үгүй биз. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрийн дор хэнд ч хэрэггүй хөшөө, угтах хаалга барьж улсын төсвийг ашиггүй үрэх нь иргэдийн бухимдлыг төрүүлэх нь ойлгомжтой. Харин хөшөөг нураах шийдвэр гарсан даруйд "Хос санаа" компанийнхан БОАЖЯ-ны данс руу 1.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байна. Тодруулбал, БАОЖ-ын сайд Н.Уртнасанг хэвлэлийн бага хурал (2021 оны наймдугаар сарын 26-ны 15.00 цагт) хийхээс 30 минутын өмнө эл мөнгийг дээрх компанийнхан шилжүүлжээ. Цар тахлын үед бизнесийн салбарынхан хамгийн ихээр хохирол амсаж, эдийн засаг хүндхэн байгаа энэ үед тус компанийнхан их хэмжээний мөнгийг ганцхан өдрийн дотор л яамны данс руу хийсэн нь олон хүний хардлагыг төрүүлж байна. Ингэх нь ч аргагүй. "Хүлэг Боорчи-Андлалын өргөө" цогцолборыг барьж буй "Хос санаа" компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй гэнэ. Энэ талаар хэвлэлийн бага хурлын үеэр "Тендерт шалгарсан компанийг хэрхэн сонгосон бэ. Эл компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй юм билээ. Цар тахлын энэ хүнд үед нэг өдрийн дотор 1.9 төгрөгийг буцаан төлж байгаа нь ямар нэгэн улс төрчтэй хамааралтай гэх хардлагыг төрүүлсэн. Энэ талаар тайлбар өгөөч" гэх сэтгүүлчийн асуултад Н.Уртнасан "Төрийн захиргаа удирдлагын газраас үнэлгээний комисс гаргаж, орон нутгийн удирдлагууд гүйцэтгэлд нь хяналт тавихаар болсон. Тухайн компанийнхан санхүүжилтээ хэрхэн босгосон талаар манай яамнаас хариулт өгөх нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна" хэмээн мэдээлсэн юм.
Ямартай ч иргэдийн дургүйцэлтэй нүүр тулсан бүтээн байгуулалтыг ийнхүү нурааж, төсвийн мөнгийг төрд буцаан олгосон нь сайн хэрэг. Одоогоор эл мөнгийг өөр ажилд зарцуулахгүй хэмээн салбарын сайд нь мэдээлсэн. Ахин нэг хэнд ч хэрэггүй бүтээн байгуулалтад зарцуулж, иргэдийн мөнгийг салхинд хийсгэхгүй байгаасай хэмээн найдах л үлдлээ.