Авлигын индексийг бууруулах ажлын хэсэг байгуулсантай холбоотойгоор Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 утсанд энэ талаарх мэдээлэл, иргэдийн санал, гомдлыг хүлээн авч эхэлсэн. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд сурталтай холбоотой гомдлыг хамгийн их ирүүлжээ. Иймд Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаараа Иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай тогтоол батлахдаа дээрхийг харгалзсан байна. Тодруулбал, дээрх тогтоолд нийслэлд газар олгохтой холбоотой зохицуулалтыг оруулалгүй, хойшлуулжээ. Улаанбаатар дахь газар олголттой холбоотой харилцаа, үйлчилгээг цахимжуулах, ил тод, нээлттэй болгох, авлига, хүнд суртлыг бууруулахаас гадна хотын төлөвлөлт, түгжрэлийг бууруулах гэх мэт олон ажилтай уялдуулан, цогцоор нь шийдвэрлэхийн тулд ийн шийдвэрлэжээ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш 2020 оны эцэс хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 647 664 иргэнд 65.8 мянган га газрыг өмчлүүлжээ. Үүнээс 646 658 иргэнд 65.6 мянган га газрыг гэр бүлийн хэрэгцээний, 1006 иргэнд 193.2 га газрыг аж ахуйн зориулалтаар олгосон байна. Улсын хэмжээнд нийт иргэний 19.6 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газартай болжээ.
Бэлтгэсэн У.Наран