Далавч нь гэмтсэн начин шонхрыг “Зэрлэг амьтан асрах байр”-т нэг сар гаруй хугацаанд асарчээ. Өнгөрсөн долдугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт орших "100 айл" орчмоос эл шувууг гэмтсэн байхад нь олсон байна. Улмаар нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд начин шонхрыг “Зэрлэг амьтан асрах байр”-т хүргэсэн аж. Начин шонхор нь Улаанбаатар хот орчимд тарсан байдаг бөгөөд дээрх шувуу далавчны хөнгөн бэртэлтэй байсан гэнэ. Тус төвийн эмч начин шонхрыг сар гаруйн хугацаанд асарч, өнөөдөр байгальд нь эргүүлэн тавьжээ.
Ташрамд дурдахад, начин шонхор нь толгойноос сүүл хүртлээ 32-39, далавчаа дэлгэхэд 65-82 сантиметр урттай. Эмэгчин нь биеэр том, нас бие гүйцсэн эрэгчин 136-252, дунджаар 155, нас бие гүйцсэн эмэгчин 154-314, дунджаар 184 грамм жинтэй.