УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, Ч.Ундрам нар Ногоон хөгжлийн бодлогыг дэмжих бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ УИХ-ын удирдлагад хүргүүлсэн аж. Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн хомсдолоос шалтгаалан дэлхийн улс орнууд баялгийг үр ашигтай ашиглах, орчны бохирдол, доройтлоос сэргийлэх, ногоон эдийн засгийн тогтолцоо бий болгож хөгжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг зорих болсон. Манай улсын хувьд ногоон хөгжлийн талаарх бодлогын баримт бичгийг УИХ 2014 онд баталсан. Үүнд ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлт бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан, ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөл бүрдүүлсэн хөгжингүй улс болохоор тусгасан байна. Иймд ногоон хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, биелэлтэд нь хяналт тавих, хэрэгжилтийг нь хангах зорилгоор эл лобби бүлгийг байгуулсан аж.
Бэлтгэсэн У.Наран