Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Тус зөвлөлд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, нийслэлийн Онцгой байдлын, Цагдаагийн удирдах , Эрүүл мэндийн газар, есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг аж.
Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт болдог байжээ. Тэгвэл энэ тоон үзүүлэлт 2012 онд дөрөв, 2013 онд 10 дахин нэмэгдсэн гэнэ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын идэвхжилт буурахгүй байгааг харуулж буй. 2021 оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянталд 5.5, долдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөөд 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ.
Тиймээс газар хөдлөлтийн үед иргэдийн авах арга хэмжээний талаар нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, тогтмол, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан иргэдэд хүргэх шаардлага байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм. Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.