Афганистанаас цэргээ гаргахаар шийдвэрлэсэндээ харамсахгүй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордноос телевизээр 20 минут үг хэлэх үеэрээ мэдэгджээ. АНУ үндэсний эрх ашигт нь нийцэхгүй мөргөлдөөнд оролцсоор байхыг тэрбээр алдаа болно гэж үзсэн гэнэ.
Талибууд Афганистаны нийслэл Кабулыг эзэлж, тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани хилийн чанад руу гарсан. Үүний дараа тус улсын Засгийн газрын үйл ажиллагаа бараг зогсжээ. Нөлөө бүхий гурван улстөрч буюу Ерөнхийлөгч асан Хамид Карзай, Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла, Исламын намын удирдагч Гульбеддин Хекматиар нар Засгийн газрын эрх мэдлийг “Талибан” хөдөлгөөн рүү тайван замаар шилжүүлэх Зохицуулах зөвлөл байгуулсан аж.
Тэгвэл талибууд Афганистаны төрийн албан хаагчид эр, эмгүй ажлын байрандаа очихыг уриалсныг тус хөдөлгөөний Катар дахь Улс төрийн төвийн орлогч дарга Абдула Салама Ханафи мэдэгдсэнийг “Ariana news” телевиз дамжууллаа. “Дипломат төлөөлөгчийн газар, цэргийн бааз, иргэний байгууллагын ажилтнууд эмээх явдалгүй ажлаа үргэлжлүүлж болно. Хэн ч хохирох ёсгүй. Эмэгтэйчүүд ажилдаа гивлүүртэй явж болно” гэж тэрбээр хэлсэн байна.