АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар мягмар гарагт утсаар ярих үеэрээ Афганистан дахь нөхцөл байдлын асуудлаар “Их Долоо”-ийн бүлгийн уулзалтыг цахимаар зохион байгуулах талаар тохиролцжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлэв.
“Ноён Байден болон Жонсон нар “Их Долоо”-гийн орнуудын удирдагчдын уулзалтыг цахимаар зохион байгуулж, ерөнхий стратеги ав хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр тохиролцлоо. Мөн хоёр орны удирдагчид дэлхийн хамтын нийгэмлэгээс дүрвэгсдэд болон эмзэг бүлгийн афганичуудад хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэх арга зам, Афганистаныг чиглэсэн цаашдын бодлогын талаар холбоотнууд, ардчилсан түншүүдийн хооронд нягт уялдаа холбоогоо тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байгааг хэлэлцлээ" гэж мэдээлэлд дурджээ.
Наймдугаар сарын 15-ны өдөр Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлснээр улс орныг бүхэлд нь хяналтдаа авч, 20 жил үргэлжилсэн Афганы дайн төгсгөл болов хэмээн зарласан юм. Үүссэн нөхцөл байдлын улмаас Афганистаны олон мянган иргэн эх орноосоо дүрвэж эхэлсэн бөгөөд дэлхийн улс орнууд тэдэнд туслахад бэлэн байгаагаа мэдэгдсээр байна