Афганистаны нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа дуусаж, Кабулыг хяналтдаа авсан “Талибан” хөдөлгөөн ойрын хугацаанд тус улсыг удирдах хэлбэрээ тодорхойлно гэж Катар дахь уг байгууллагын албан ёсны төлөөлөгч Мохаммад Наим “Al Jazeera” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
“Улс орноо эрх чөлөөтэй, ард түмнээ тусгаар тогтнуулахаар зорьсондоо хүрлээ. Бид аюулгүй, авлигагүй улс байхыг хүсэж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ. Үүний сацуу Афганистан дахь гадаадын иргэд, дипломат байгууллагуудын гишүүдийн аюулгүй байдлыг “Талибан” хангах гэнэ.
Өнгөрсөн ням гарагт талибууд нийслэл Кабул руу эсэргүүцэлгүй нэвтэрч, Засгийн газрын цэргүүдийн орхисон төрийн байгууллагууд, тэр дундаа Ерөнхийлөгчийн ордныг эзэлжээ. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани гэргийн хамт Узбекистанд очсон тухай Тажикистаны мэдээллийн “Asia plus” групп дамжуулсан байна. Цус асгаруулахгүйн тулд улс орноо орхин явснаа тэрбээр фэйсбүүк хуудсандаа бичжээ. Афганистан авлигад автсан бөгөөд үүнтэй тэмцэх чадваргүй байдал нь А.Ганийг сүйрэлд хүргэлээ гэж “France presse” агентлаг үзэж байна. Эх орондоо эргэж очихоос өмнө тэрбээр АНУ-ын нэртэй эрдэмтэн, эдийн засагч байсан юм.
“Al Arabiya” телевизийн мэдээлснээр Афганистаны Дотоод хэргийн сайд асан Ахмад Жалали төрийн эрх мэдлийг шилжүүлэх ажлыг удирдах үүрэг хүлээх аж. Мөн Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Саттар Мирзаквал төрийн эрхийг тайван замаар шилжүүлэхээ үндэсний “TOLO news” сувгаар үг хэлэхдээ мэдэгдэв. Нөгөөтээгүүр, Афганистаны Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн дарга Абдулла Абдулла тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид “Талибан” хөдөлгөөнийхөнтэй зөвшилцөхөөр Катарыг зорьжээ. Абдулла Абдулла нь тус хөдөлгөөн болон Кабулын эрх баригчдын төлөөлөгчид хоорондын хэлэлцээний зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй аж. Афганистаны албан ёсны эрх баригчдын төлөөлөгчид болон талибууд хоорондын яриа хэлэлцээ өмнөх жилийн есдүгээр сарын 12-нд эхэлсэн ч 2021 оны эхээр саатаж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үеэс мухардмал байдалд орсон юм.