Хэнтий аймгийн Чингис хаан хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дууслаа. Энэ сарын 10-ны өдөр Улсын комисс тус цэвэрлэх байгууламжийг хүлээн авч, байнгын ажиллагаанд оруулжээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихаар болсон юм.
Энэхүү төслийн үр дүнд Хэнтий аймгийн төвд хоногт 3000 шоо метр бохир хүлээн авах хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй цэвэрлэх байгууламж барьсан юм. Ингэснээр цэвэрлэсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах боломж бүрдэж байгааг холбогдох албаныхан хэлж байв.
ташрамд дурдахад, монгол инженерүүд цаг уурын нөхцөлд тохирохуйц шийдэл гарган, зураг төслийг нь боловсруулснаараа онцлогтой.