Нийслэлийн Хан-Уул дүүргийн XII хорооны нутагт байрлах Таван толгойн гүүрний баруун талд хиймэл нуур байдаг аж. Эл нуурт хоёр хүн осолдсон тухай дуудлагыг өчигдөр 20.01 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Улмаар аврах ангийн алба хаагчид 27 километр замыг туулан 20.35 цагт очиход оршин суух хаяг, нэр нь тодорхойгүй 36 настай, эмэгтэй, 15 настай, эрэгтэй нар тус хиймэл нуурт осолдсон гэх мэдээллийг дуудлага өгсөн иргэд өгчээ.
Мэдээллийн дагуу нуурын мандалд хоёр цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22.04 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн дээрх иргэдийг эрэн хайх ажлыг өнөөдөр 07.00 цагт эхлүүлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.