Байгаль орчин, аялал жуулчлалын сайд өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл, засвар шинэчлэлтийн ажил 75 хувьтай үргэлжилж байгаа гэнэ.
Орчны бохирдлыг бууруулахаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн гадна талбайд 10 метрийн өндөр хаалт босгосон аж. Ингэснээр нүүрсний тортог агаарт тархах, цаашлаад ойр ормыг бохирдуулахгүй байх нөхцөл бүрдсэн байна. Хаалт босгосноор ажлын талбайн тоосжилт 75 хувиар буурах тооцоолол гарсан гэнэ.
Энэ үеэр тус компанийнхан орчны бохирдлыг бууруулах зорилгоор баруун бүсийн үйлдвэрт есөн бутлуур, туслах 15 тоног төхөөрөмж шинээр суурилуулахаар бэлтгэл ажлаа хангасан талаар мэдээлэв. Цаашид баруун бүсийн үйлдвэрээс гарах тоосжилтыг дөрөв дахин бууруулах зорилтын хүрээнд техникийн шинэчлэл хийж эхэлсэн гэнэ. Үүнээс гадна бутлуурыг газар доор байрлуулахаар төлөвлөсөн байна.