ОХУ-д энэ сарын эхээр ойн түймэр 3.4 сая га газрыг хамарсныг олон улсын экологийн “Greenpeace” байгууллагаас мэдээлсэн. Тус улсын Засгийн газар түймэртэй тэмцэхэд цэргийн нэмэлт хүч татах талаар хэлэлцэж байна.
Түймэрт автсан бүс нутгууддаа ОХУ онц байдал зарлах гэж буй. Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн банк нь Эрхүү муж болон Якутад онц байдал зарлахыг Онцгой байдлын яамандаа санал болгов. Тус улсад асаж буй түймрийн талбайн 78 хувь нь Якутад бүртгэгджээ. Алс Дорнодод түймрийн 90 хувь нь ногдож байна. Онцгой байдлын яам нь байдлыг хяналтад буй гэж үзэж байгаа ч Эрхүү мужид хэдийн онц байдал зарлажээ. Энэ сарын эхнээс л Байгалын бүс нутаг ойн түймрийн утаанд автсан байна. Түүхэнд анх удаа Сибирийн ойн түймрийн утаа умард туйлд хүрснийг НАСА мэдээлсэн билээ. Тус байгууллагын мэдээлснээр энэ сарын эхээр ойн түймрийн утаа Якутаас Умард мөсөн далай хүртэл 3000 гаруй км урт сунан тогтжээ. Сибирийн утаа Монголын зарим нутаг, тэр дундаа нийслэл Улаанбаатарыг бүрхсэнийг, Канад, Гренланд дээгүүр өргөн зурвас үүсгэснийг Хятадын “Xinhua” агентлаг уламжилсан билээ.
ОХУ-д түймэртэй тэмцэхэд 1000 орчим хүн, 140 техник, тэр дундаа “Ми-8” нисдэг тэрэг, “Бе-200” нисэх онгоц оролцож байна. Түймэр суурин газар луу шилжсэн Якутад энэ сарын 8-наас онцгой байдал зарлах үед 156 түймэр асаж байв. Зургаан сууринд аврагчид ажиллаж буй. Уулархаг бүс нутгийн 31 айлын байшин шатсан бөгөөд 185 оршин суугчид 30 мянган рублийн нөхөн төлбөр олгох болжээ. 10 суурин түймэрт өртөх эрсдэлтэй байгаа аж. Тус бүс нутагт өнгөрсөн долоо хоногийн эцсээр 100 зорчигч саатсан бол одоо ч нислэг үйлдээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Якутад дэгдсэн түймэртэй тэмцэх хүчийг зузаатгаж, үүнд оролцох нисэх хүчнийхэнд ажлаа эрчимжүүлэх үүрэг өгчээ.