Иргэдийн түлшний хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох зорилгоор “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөрийг 2014 оноос улс даяар хэрэгжүүлж эхэлсэн. Жилд дунджаар 720 мянган шоо метр модыг ойн цэвэрлэгээгээр бэлтгэн, түлээний 75.3, хэрэглээний модны 24.7 хувийг хангадаг гэнэ. Гэвч 2015-2019 онд нийслэлчүүдийн түлээний модны хэрэглээ өсөж, бэлтгэсэн түлш хүрэлцэхгүй байгаа аж.
2019 оноос түүхий нүүрс түлэхийг хориглож, шахмал түлш ашиглах болсонтой холбоотойгоор нийслэлийн иргэдийн түлээний модны хэрэглээ 30-40 хувиар нэмэгдсэн тухай 2020 онд хийсэн зарим судалгаанд дурдагдсан хэмээн нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Энэ нь хууль бус мод бэлтгэл нэмэгдэх гол шалтгааны нэг аж.
Ташрамд дурдахад, 2017-2018 онд улсын хэмжээнд хууль бусаар бэлтгэсэн 841.2 шоо метр модыг хураан авч байжээ. Харин 2019-2020 онд 695.2 шоо.метр болж, 17.3 хувиар буурсан байна. Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг 2017-2018 онд 626 бүртгэгдсэн бол 2019-2020 онд 496 болж, 20.8 хувиар буурсан байна. Гэвч шахмал түлшний хомсдол үүсвэл нийслэлчүүд их хэмжээгээр мод ашиглах нь тодорхой. Энэ нь байгальд сөргөөр нөлөөлж, хууль бус мод бэлтгэл газар авах эрсдэлтэй.