Монгол орны ихэнх нутагт тархсан хортой могойн нэгэн төрөл бол бамбай хоншоорт юм. Эл могой ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг. Гэвч сүүлийн үед хур тунадас ихтэй байгаа учир үерийн усаар дамжин нийслэлийн суурьшлын бүсэд олноор тохиолдол үзэгдэл нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Туул голын усанд сэрүүцэхээр орсон 40 настай, эрэгтэй эл төрлийн могойд хатгуулснаас болж амиа алдсан юм.
Тэгвэл өнөөдөр ч мөн хүүхдийн тоглоомын талбайгаас бамбай хоншоорт олдсон байна. Тиймээс нийслэлийн Байгаль орчны газар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс иргэдийг энэ төрлийн могойд хатгуулахаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
Бамбай хоншоорт могойн ерөнхий шинж:
-Биеийн урт 70 орчим см
-Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн, хувьсамтгай.
-Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай.
-Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо.
-Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос ялгаатай.
Хэрэв могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.