"Токио-2020" зуны олимпын наадмын санаанд оромгүй өрсөлдөөн, үр дүн гарсан төрлүүдийн нэг нь эмэгтэйчүүдийн волейбол байв. Энэ удаагийн олимпод АНУ-ын шигшээ багийнхан алт, Бразил мөнгө, Серби хүрэл медаль хүртсэн. Харин медалийн төлөө дээрх багуудтай ширүүхэн тэмцэл өрнүүлсэн өөр нэгэн "аваргууд" байсан нь БНСУ-ын багийнхан. Тэд Турк, Япон зэрэг хүчтэй өрсөлдөгчийг ялж, шөвгийн дөрөвт шалгарч, санаанд оромгүй амжилт үзүүлсэн. Алтан медалийн төлөө хүч үзэх болзол хангах тоглолтод Бразилийн хүчирхэг багтай учраа таарсан боловч 3:0 харьцаагаар хожигдол хүлээсэн. Хүрэл медалийн төлөө Сербийн багтай таарч мөн л 3:0 харьцаагаар тоглолтоо өндөрлүүлсэн юм. Тэд олимпын наадмаас медаль хүртэж чадаагүй ч дэлхийн шилдгүүдийг ардаа орхиж, чансаагаараа дөрөвт эрэмбэлэгдсэн амжилт гаргасан.
Тамирчдын энэ их хөдөлмөрийг үнэлж БНСУ-ын "Гар бөмбөгийн нийгэмлэг", ивээн тэтгэгч байгууллага болох "Шинхан" групп, "Гар бөмбөгийн холбоо"-ноос тус бүр 200, нийт 600 сая вонноор урамшуулахаар болжээ. Энэ нь монгол мөнгөөр 1.4 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх аж.
Мөн тус улсын Ерөнхийлөгч Мүн Жи Ин волейболын шигшээ багийн ахлагч Ким Еон Кунд тусгайлан талархаж буйгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр БНСУ-ын хамгийн алдартай тамирчдын нэг бөгөөд улсынхаа эмэгтэйчүүдийн волейболын шигшээ багт 10 гаруй жил зүтгэж, энэ онд зодог тайлахаар болсон юм.
Эх сурвалж: YTN