Турк, Грек, АНУ, ОХУ-д их хэмжээний талбайг хамарсан ой, хээрийн түймэр гарч, байгальд үнэлж баршгүй хохирол учруулаад байна. Нэг цаг хугацаанд өөр өөр газарт дүрэлзсэн түймрийн шалтгааныг хуурайшилт, ган гачигтай холбон тайлбарлаж байгаа ч хүмүүс энэ аюулын гол өдөөгч гэдгийг ОБЕГ-ынхан онцлов. Ийм гамшигт үзэгдэл дэлхийн хаана ч, Монгол орны аль ч бүсэд давтагдаж болзошгүй нөхцөл бүрдсэнийг дурдлаа. Энэ он гарснаас хойш манай улсын Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд аймгийн 18 сумд 25 удаа ой, хээрийн түймэр гарч, 122.6 мянган га талбай шатжээ. Үүний 2000 орчим га нь ойн сан аж. Түймрийн улмаас байгальд 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд иргэдийг асаасан гал, түүдэг, чүдэнз, тамхины цог, үнс нурмаа бүрэн унтраахыг, айлуудыг хог, шар өвс ил шатаахгүй байхыг дээрх байгууллагаас анхааруулав. Мөн түймэр, утаанаас дайжсан амьтдын нүүдэл, шилжилт идэвхэжсэн тул ногоон бүсэд болгоомжтой зорчихыг зөвлөлөө.