“Samsung electronics”-ын дэд ерөнхийлөгч И Жэ Ёныг энэ долоо хоногийн сүүлчээр хугацаанаас өмнө суллах болсныг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдэв. 2021 оны нэгдүгээр сард тэрбээр тус улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд авлига өгсөн хэргээр 2.5 жил хорих ял шийтгүүлсэн юм.
Ялынхаа 60 хувийг эдэлж түүнийг Өмнөд Солонгост наймдугаар сарын 15-нд тэмдэглэдэг Чөлөөлөх өдрийн өмнө буюу энэ баасан гарагт суллах гэнэ. Үүнийг Үйлдвэрчний 1056 эвлэл, хүний эрхийн төлөө тэмцдэг болон иргэний байгууллагууд эсэргүүцэж, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Засгийн газрын авлигын эсрэг бодлогыг зөрчиж, 2017 онд төр солигдоход хүргэсэн “Лааны хувьсгал”-аас ухарсныг илтгэлээ гэв.