Куба улсын иргэдэд хувийн жижиг, дунд үйлдвэр нээхийг эрх баригчид нь албан ёсоор зөвшөөрснийг ВВС уламжиллаа. Улс орных нь эдийн засгийн байдал хүнд байгаагийн улмаас өнгөрсөн сард Засгийн газраа эсэргүүцсэн, олныг хамарсан жагсаал болсны дараа ийм шийдвэр гаргасан байна.
Шинэ журмын дагуу 100 хүртэл ажилтантай хувийн үйлдвэр байгуулах боломжтой. Үүнийг тус улсын иргэд олон жил хүлээснийг Кубын бизнес хөгжлийн шинжээч Ониэль Диас мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд тус улсын Засгийн газар өнгөрсөн 30 жилийн хугацаан дахь хамгийн хүнд хямралыг даван туулж, эдийн засгаа шинэчлэх ажлыг түргэтгэжээ. Цар тахлын улмаас хүнс, цахилгаан, эм бэлдмэлийн хомсдол хурцдаж, өнгөрсөн сард олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулжээ. Жагсагчид коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг шүүмжилж, улс төрийн өөрчлөлт хийхийг шаардсан байна. Энэ үеэр тус улс даяар олон арван хүнийг баривчилж, нэг иргэн амь эрсэдсэн юм. “France presse” агентлагийн дамжуулснаас үзвэл өнгөрсөн хоёрдугаар сард Кубын Засгийн газар эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллага, боловсролынхоос бусад төрийн мэдлийн эдийн засгийн салбарын олонхыг хувьд шилжүүлэхээр шийджээ. Сүүлийн үед эдийн засгийн олон асуудал үүссэнтэй холбоотойгоор Кубын эрх баригчид хувиараа үйлдвэрлэл эрхлэхийг хорихоо больсон аж. Одоо 600 мянга орчим иргэн нь буюу хөдөлмөрлөж буй хүн амынх нь 13 хувь нь хувийн салбарт ажиллаж байна. Эдийн засгийнх нь гол хөдөлгөгч хүчнүүдийн нэг болсон аялал жуулчлалын салбар нь коронавирусийн улмаас бараг зогссоноос тус улсад инфляц өсөж, цахилгаан тасарч, хүнс, эм болон гол нэрийн бүтээгдэхүүн хомсджээ. Орлогынх нь гол эх үүсгүүрүүдийн нэг чихрийн нишингийн ургац энэ онд төлөвлөснөөс хамаагүй бага гарсан байна. Үүний улмаас гадаад валютын нөөц барагдаж, Засгийн газар нь дотоодын хомсдолыг нөхөх импортын бараг худалдаж авах чадваргүй болов. Өнгөрсөн сараас тус улсад аялагчдыг хүнс, эм, бусад нэн түрүүнд шаардлагатай эд зүйлсийг татваргүйгээр оруулахыг эрх баригчид нь зөвшөөрсөн юм. Иргэд нь ч хүнс, эмийн хомсдолыг багасгахын тулд импортын татварыг цуцлахыг шаардаж байна.