Өнгөрсөн сарын эцсийн байдлаар манай улсын 12- оос дээш насны хүн амын 84.6 хувь нь коронавирусийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамрагдсан бөгөөд 10 иргэн тутмын долоо нь БНХАУ-ын “Вероселл” вакцин хийлгэжээ. “Ковид-19”-ийн эсрэг вакцин тариулсан иргэд ч өвчлөх магадлалтай, харин дархлаажуулалтад хамрагдсанаар биеийн байдал хүндрэх, нас барах эрсдэлээс сэргийлнэ гэж эрүүл мэндийн байгууллагынхан зөвлөж буй билээ. Тэгвэл манай улсад вакцин хийлгэсэн иргэдийн хэдэн хувь нь өвчилж, нас барсан талаарх судалгааг Үндэсний статистикийн хорооноос хийжээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 31-ний байдлаар 164 155 иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн байв. Тэдний 42.6 хувь нь вакцин хийлгэсэн байжээ. Тэр дундаа 13.1 хувь нь эхний, 29.5 хувь нь хоёр дахь тунг тариулсан аж. Дархлаажуулалтад бүрэн хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийг нарийвчлан судлахад олонх нь хоёр дахь тунг тариулснаас 31 болон түүнээс олон хоногийн дараа өвчилснийг тогтоожээ. “Ковид-19”- ийн улмаас эндсэн иргэдийн тухайд 52.5 хувь нь вакцин хийлгээгүй, 23.3 хувь нь эхний, 24.2 хувь нь хоёр дахь тунг тариулжээ. Өнгөрсөн са_рын 31-ний байдлаар улсын хэмжээнд 815 иргэн нас барсан байв.
Мөн өвчилсөн иргэд аль үйлдвэрлэгчийн вакцин тариулсныг уг судалгаагаар тодруулжээ. Энэтхэгт үйлдвэрлэсэн “АстраЗенека” вакцин хийлгэсэн иргэдийн 8.7 хувь нь өвчилсөн нь хамгийн өндөр үзүүлэлт аж. Мөн БНСУ-д үйлдвэрлэсэн “АстраЗенека” вакцин тариулсан иргэдийн өвчлөл нэлээд өндөр буюу 4.8 хувьтай байна. Харин “Пфайзер” вакцины үр дүн хамгийн сайн аж. Уг вакциныг тариулсан иргэдийн 0.3 хувь нь халдвар авчээ. Хүн амын дийлэнх нь хийлгэсэн “Вероселл” вакцины хувьд өвчлөл 2.6 хувьтай гэнэ.
Бэлтгэсэн М.Оч