БНХАУ-ын тагнуулчид Британи руу нэвтрэхийн тулд Хонконгоос дүрвэгсдэд зориулсан визийн онцгой журмыг ашигласныг “Times” сонинд бичжээ. Британийн Засгийн газрын эх сурвалжуудын мэдээлснээр тус улсын хилийн чанад дахь иргэдэд олгодог паспорт эзэмшигчдэд зориулсан визийг тагнуулчид хүссэн байв. Тусгай паспорт эзэмшигчид виз олгохоос өмнө нарийн шалгадаг аж. Хонконгийн иргэдэд тавих шаардлагаа сулруулснаа Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател урьд нь мэдээлж байсан билээ.
Хилийн чанад дахь Британийн иргэний паспортыг Хонконгийн оршин суугчдад 1997 онд тус бүс нутаг Хятадын харьяанд шилжихийн өмнө олгосон юм. Өнгөрсөн онд Хонконгод Үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсны дараа тийм паспорт эзэмшигчдэд зориулан визийн тусгай журам гаргасан. Эл виз нь хэтдээ Британийн бүрэн эрхт иргэн болох нөхцөлтэйгөөр таван жил тус улсад ажиллаж, амьдрах боломж олгодог аж. БНХАУ 2021 оны нэгдүгээр сарын 31-нээс хилийн чанад дахь Британийн иргэний паспортыг хүчингүй болгожээ.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу Хонконгод жагсаал, цуглаанд бэлтгэсэн, Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулсан, салан тусгаарлах үзэл гаргасан хүмүүст хариуцлага тооцож байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр сөрөг хүчний “Apple daily” сонин хаагдаж, ардчиллыг дэмжсэн олныг хамарсан арга хэмжээг цуцалсан билээ.