Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Тус зөвлөлд НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлтийг судлах салбар, нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Эрүүл мэндийн газар, есөн дүүрэг зэрэг 26 байгууллага, хэлтэс хамаардаг аж.
Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэдэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин нэмэгджээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна. Энэ нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5, гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт 5.5, долдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 5.2 магнитутын газар хөдлөлт болсон нь нийслэлийн иргэдэд мэдрэгджээ.
Энэ үеэр газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар иргэдэд нэгдсэн ойлголт, мэдээллийг өргөн хүрээнд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээ ашиглан хүргэх шаардлага байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас онцолсон юм.
Мөн Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгийг анхааруулах системийн дуут дохио бүхий 15 цамхгийг нэмж байгуулах, нийслэлийн өмчийн хөрсний хурдатгал хэмжигч багаж, тоног, төхөөрөмжийн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг дээд зэргээр хангахад анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.