Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарыг шалгаад гурван жил өнгөрч буй. Тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх уг хэргийг хэлэлцэхээр хэдэнтээ тов зарласан ч байнгын бүтэлгүйтэж, хойшлуулсаар ирсэн. Уг эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-08-05/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэв. Шүүх хуралд шүүгчдэгч Б.Болорчимэг, шүүгдэгч Ү.Отгонбаатарын өмгөөлөгч н.Цэрэнням, шүүгдэгч Ж.Болортуяагийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулах, шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2021 оны наймдугаар сарын 26-ны 08:30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй шүүгдэгч Б.Болорчимэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад нэр бүхий шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч н.Цэрэнням, О.Сайнгэрэл нарт хуульд заасан арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Болорчимэг нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл сайдын туслахаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн яамны эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн болсон нэгэн гэх. Харин Н.Чимэдлхам гавьяат хууль, шүүгч асан С.Нямжавын охин билээ.