Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид “Транс”, “Анод”, “Зоос” банкны хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн нэг дуулиан байлаа. Энэ талаар өөрөөс нь тодруулах гэсэн боловч Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Лхагважаваас мэдээлэл авахыг хүссэнээр түүнтэй холбогдов.
-Танай ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх юм. Энэ үнэн үү?
-Ямар нэгэн хэрэгт татсан асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Энэ тухай биднээс биш, бичээд байгаа хэвлэлийнхэн болон нэр дурдагдсан Мөрдөн байцаах газар болон Авлигатай тэмцэх газрынхнаас асуувал үнэн зөв мэдээлэл өгөх байх.
- Л.Пүрэвдорж ерөнхийлөгч энэ талаар ямар ч мэдээлэл, тайлбар өгөөгүй. Тиймээс үндэслэлтэй гэсэн таамаг байна л даа?
-Бид Л.Пүрэвдорж ерөнхийлөгчид тайлбар хийх талаар санал тавьсан. Өөрөө маш завгүй байдаг болохоор ор үндэсгүй зүйл мэдээлсэн хүмүүстэй заргалдаад явах завгүй. Бид ярилцаад энэ долоо хоногт албан ёсны няцаалт гаргаж, олон нийтэд мэдээлэх болно гэв.
Улсын мөрдөн байцаах газар, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монголбанкны ерөнхийлөгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн, банкны хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулсан асуудлаар мэдүүлэг авсан эсэхийг тодруулахад “Одоогоор бидний шалгаж байгаа хэрэгт түүнийг холбогдуулан шалгаагүй ” гэсэн хариу өглөө.
Х.Сүрэн