Токиогийн Олимпын тосгонд коронавирусийн халдвар голомтлон тархсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ тухай NHK суваг Олимпын наадмыг зохион байгуулах хороог эх сурвалжаараа иш татан мэдээлэв.
Грекийн усны уран сэлэлтийн багийн 12 гишүүнээс тамирчин дасгалжуулагч гээд таван хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Үүний улмаас тамирчид мягмар гарагт болсон тэмцээнд оролцоогүйгээс гадна баасан гарагаас эхлэх багийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй болсон байна.
Наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Такая Масаноригийн мэдээлснээр, халдварын голомт багийн гишүүдийн дунд үүссэн гэж үзэж байгаа ажээ. Халдвар илэрсэн таван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй байгааг тэрбээр нэмж хэлжээ.
Усны уран сэлэлтийн багийн бусад долоон гишүүний шинжилгээний хариу сөрөг гарсан боловч халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан тул тэднийг тусгаарлах байр луу шилжүүлсэн байна.
Олимпын тосгонд халдварын анхны тохиолдол өнгөрсөн долдугаар сарын 17 -ны өдөр бүртгэгдсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм. Коронавирусийн халдвар авсан гэж оношлогдсон бүх хүмүүсийг хоёр долоо хоногийн турш тусгаарласан байна.
Олимпын наадамтай холбоотой COVID-19 халдварын 55 тохиолдол нийтдээ бүртгэгджээ. Дөрвөн тамирчин, багийн 16 ажилтан, дөрвөн сэтгүүлч, наадмын 29 гэрээт гүйцэтгэгчээс халдвар батлагдсан байна