Нигерийн Кадуна мужийн сургуулийн 80 сурагчийг барьцаалсан босогчид 80 сая найр буюу 194 мянган ам.доллар шаардсаныг “Reuters” агентлаг мэдээллээ. Энэ нь нэг сурагчийн оронд нэг сая найр нэхэж байгаа гэсэн үг аж. Христийн шашинтнуудын нийгэмлэгийн харьяа дунд сургуулийн сурагчдыг өнгөрсөн сарын 8-нд барьцаалж, 25-нд 28-ыг нь суллажээ. Барьцааны мөнгө авахын тулд сурагч, оюутнуудыг хулгайлах гэмт хэрэг сүүлийн саруудад Нигерид улам бүр олширч байна. Он гарснаас хойш тус улсад 1000 гаруй сурагч, оюутныг босогчид барьцаалжээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сараас хойш Нигерийн хойд нутгийн 1500 гаруй дунд сургуулийг эрх баригчид нь хааж, хүүхдүүдийг арай аюулгүй газарт шилжүүлсэн гэнэ. Үүний зэрэгцээ сургуульд ажиллагсдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгасан байна.