Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 оноос Евро Азийн минжийг нутагшуулж эхэлсэн. Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулах ажил одоо хэр нь үргэлжилж буй. Гэвч байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдол гарч болзошгүй байгаа гэнэ. Урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн Байгаль орчны газрынхан минж нутагшуулсан байршилтай ойр амьдардаг нутгийн малчид болон аялал зугаалгаар явж буй иргэд бэртэж гэмтсэн минжтэй таарвал шуурхай мэдээлэл өгч, хамтран ажиллах уриалга гаргаад байна.
Минж нь Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалт болох “Нэн ховор амьтны” жагсаалтад багтсан бөгөөд хууль бусаар агнасан, барьсан, худалдахыг завдсан тохиолдолд Эрүүгийн хуулиар 10 000-40 000 нэгжтэй тэнцэх буюу 10-40 сая төгрөгийн мөнгөн торгууль эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.
Хэрэв хууль бусаар минж агнаж буй этгээдтэй таарсан бол нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 дугаарын утсаар холбогдон мэдээлэл өгөөрэй.