“Алдар” спорт хороо, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн офицер, улсын гарьд Ө.Бат-Орших болон Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ. АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болор эрх мэдлээ урвуулан, салбарын сайдынхаа тушаал, шийдвэрийг зөрчин улсын гарьд Ө.Бат-Оршиход “азын” гэх ижил тоотой дугаар олгосныхоо хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүнийг бусдаас хахууль авч байхад нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж, улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны есдүгээр сарын 6-ны 192 дугаар тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 2.6.1 дэх хэсэгт “Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно” гэж заасан. Мөн журмын 3.7 дахь хэсэгт “Бүртгэлийн байгууллага нь авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна” хэмээн заасан. Гэвч Ч.Болор нь журам зөрчиж, улсын гарьд Ө.Бат-Оршихоос нэг сая төгрөгийн хахууль авч, 33-33 УВС, 44-44 УВС гэсэн улсын дугаар олгосон аж.
Ч.Болор мөн иргэн А-ийн эзэмшлийн “Hammer H-2” загварын автомашины 00-03 УН… дугаарыг “Лексус RX-450” загварын 20-22 УН… гэсэн улсын дугаартай сольж бүртгүүлэх гэсэн хүсэлтийг шийдвэрлэхийн тулд иргэн Б.Доржсүрэнгээс хоёр сая төгрөг авсан байна. Ингээд 2020 оны долдугаар сард буюу наадмын өмнөхөн дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг сольж бүртгэсэн хэрэгт холбогдсон юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд Ч.Болорын нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин түүнд хахууль өгсөн улсын гарьд Ө.Бат-Оршихын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, 13 сая төгрөгөөр торголоо. Б.Доржсүрэнгийн дээрх эрхийг мөн хоёр жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.
Бэлтгэсэн Г.Орчлон