Коронавирусээр өвдсөнөөс хойш эхний хоёр долоо хоногт зүрхний шигдээс, цус харвалтын эрсдэл эрс нэмэгддэг гэсэн дүгнэлтэд Шведийн Умеагийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Энэ тухай шинжлэх ухааны “Lancet” сэтгүүлд нийтэлсэн байна.
2020 оны 2 -р сарын 1 -ээс 9 -р сарын 14-ны хооронд явуулсан судалгаанд 86 мянга гаруй хүн хамрагдсан бөгөөд энэ нь коронавирус зүрх судасны өвчинтэй хэрхэн холбоотой талаарх хийгдсэн хамгийн том судалгаа болжээ.
Эрдэмтэд “COVID-19”-өөр өвдсөн хүмүүс болон коронавирусийн халдвар аваагүй ч зүрх судасны өвчтөй, даралттай хүмүүсийн дунд зүрхний шигдээс, цус харвалтын тохиолдлыг харьцуулж үзсэн байна. Үүний үр дүнд коронавирус нь өвчний дараах эхний хоёр долоо хоногт зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг ойролцоогоор 3 дахин нэмэгдүүлдэг нь тогтоогджээ.
Судалгаанд нас, хүйс, хавсарсан өвчин, нийгэм эдийн засаг зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзсэн ч тэдгээр нь өвчинд шууд нөлөө үзүүлээгүй байна. Нийтлэлд дурдсанаар коронавирус нь эдгээр өвчинд нөлөөлөх бие даасан хүчин зүйл болохыг тогтоожээ.