Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Авто замын хөгжүүлэх газраас нийслэлд зорчиж буй хүнд даацын машинуудад өнөөдөр хэмжилт хийлээ. Улмаар зөрчил гаргасан жолоочийг 150 000, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгосон юм. Бетон зуурагч “Миксэр” машины жолооч А “Unuudur.mn” сайтын редакц руу утастаж, байр сууриа илэрхийлсэн юм.
-Ойрын өдрүүдэд хүнд даацын тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөх дээд хэмжээг шалгаж, замын хөдөлгөөний дүрмээ дагаж буй, эсэхийг хянаж байна. Та бүхэн даац хэтрүүлж, замын эвдрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж буйгаа мэддэг үү?
-Бид ачиж өгснийг нь тээвэрлэдэг. Мөн захиалагч аж ахуйн нэгжүүд хоёр удаа явж авчрах ачааг нэг ээлжээр авчир гэдэг. Ер нь 6 шоо метрээс ачаанаас илүү даацтай машин Монголд олон. Тус машины жолооч нар даацынхаа хэмжээнээс шалтгаалан ачаа ачна. Машиныхаа даацаар ачиж байхад л өөр шалтгаан гаргаад торгоод байх юм.
-Үгүй байлгүй дээ. Танд ямар гаргалгаа байгаа юм бэ?
-Тээврийн цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газраас зөвхөн жолоочийг торгохоос гадна бетон зуурмагийн үйлдвэрүүдэд, анхааруулж, тодорхой журам гаргах хэрэгтэй. 6 шоо метр буюу 24 тонноос илүү ачаа өгч болохгүйг дээрх үйлдвэрт тогтоогоод өгчихвөл бид ч их хэмжээний ачаа ачихгүй. Зам эвдрэхгүй, цагдаагийн ачаалал нэмэгдэхгүй. 10 шоо метрийн даацтай буюу 30 гаруй тонн ачаатай машин явахаар зам эвдрэхгүй, 6 шоо метр буюу 24 тоннын даацтай машин 25 тонн ачаа ачихаар зам эвдэрнэ гэж торгоод байгаа нь утгагүй. Нэг л стандарт гаргаад яг хэдэн тонн ачаатай машин явбал зам эвдэрнэ гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Гэтэл 10 гаруй жилийн турш зөвхөн болохгүй гэдэг үгийг хэлж, торгож ирлээ. Бусад салбартайгаа уялдуулсан алсыг харсан шийдвэр гаргасангүй. Дүрэм журмаа мөн сайн сурталчилбал зүгээр. Өнөөдөр зөвхөн том тэрэгний жолоочийг торгохын тулд торгож байна.