Юм бүхэн өөрийн гэсэн цагтай. Харин нэг л зүйлд цаг хамаардаггүй. Тэр бол хулгай. Өвөл, зун, өглөө, орой, үдэш гээд цаг, минут тутамд хаа нэгтээ, хэн нь ч юм гар утсаа эсвэл хэтэвч, ямар нэг зүйлээ урт гартнуудад алдсаар байдаг. Энэ удаа бид гар дээрээс гар утас наймаалагчдын бараа хэрхэн “орж ирдэг”-ийг нууц дурандаа буулгав.
Хамгийн хямд хэрнээ сонголт өргөнтэй гар утас худалдаалдаг “Montel” худалдааны төвийг зорилоо. Тус төв рүү дөхөх тусам “Гар утас авна, зарна” хэмээн хоргоох залуусын тоо олширно. Зарим нь бүр “Үнээ хэлээд ав” хэмээн төрөл бүрийн утас өмнөөс сарвайн ээрэх аж. Ийнхүү барьж яваа утас 15- 120 мянга хүртэлх төгрөгийн үнэтэй. Нэгэн танилын маань утасны ченж найз “Бид зарж байгаа гар утсаа авсан ханшнаасаа 2-4 дахин өсгөж зардаг” хэмээн ярьж байсан. Тийм хямд утсыг хэн, хаана үйлдвэрлэдэг вэ?
Үүнийг олж мэдэхээр биднийг зорин ирсэн “Утас авах, зарах” үйлчилгээ эрхэлдэг Б гэх залуутай яриа өдлөө.
-Утас зарах гэсэн юм.
-Аль, хаана байна. Хэдээр өгөх юм?
-Анх 120 мянган төгрөгөөр авч байсан юм. Аваад хоёр сар л болж байна. Гайгүйхэн өгчихмөөр байна.
-Анх хэдээр авч байсан нь хамаагүй шүү дээ. Наадахыг чинь 25-аар авбал авъя. Тэрнээс дээшээ гарахгүй ээ, дүү минь.
-Арай ч дээ. Гэр, зай нь шинээрээ шахуу шүү дээ. Дэлгэц нь нэг ч зурагдаагүй. Та сайн хар л даа. Танд байгаа адилхан загвартай мөртлөө минийхээс хуучин утсыг 70 гэсэн биз дээ?
-Энэ бол жинхэнэ ориг утас нь. Зай, гэр, дэлгэц ямар байх нь хамаагүй.
-За за, тэгвэл өөр хүнээс л асуухаас.
-Жаахан ярь л даа. Миний хэлснээс дээш үнээр авах хүн наагуур чинь байхгүй ээ. Ийн ярих зуур гартаа хэд хэдэн утас барьсан 4-5 залуу биднийг хүрээлэн “Ломбард ч бидний хэлсэн үнээр авахгүй. Цаашаа явбал бүр л миалуулна шүү дээ. Тэгж цаг заваа барж, нүүрээ улалзуулж байхаар өгчихгүй юү дээ” гэв.
Цаашаа явах гэтэл “За 30 мянган төгрөгөөр л авъя. Тулсан үнээ хэллээ шүү”. Бидний цаана 20-24 орчим насны гурван залуу ирээд зогстол нөгөө ченжүүд тэдний зүг гүйлээ. Учир нь тэд хямд утас “үйлдвэрлэгчид” байсан аж. Нөгөө гурван залуу “NOKIA”, “SAMSUNG”, “Sonny ericsson” зэрэг таван утас ченжүүдэд үзүүлэв.
-Ченжүүд: -Үнээ тохиръё, нийлүүлээд 25.
-Өө, өдөр 20-д өгсөн шүү дээ. Дүү нар нь орлогогүй болох гээд байна. Гар нийлдэг гээд та нар дээр ирж байхад. Цаагуур чинь мөнгөтэй “хайгуул” (утас хямд үнээр авдаг ченжүүдийг нэрлэж байгаа бололтой) олон байна. -Задаргаа орчихсон л юм байна шүү дээ. Үсрээд 30, түү нээс дээшээ байхгүй.
-За боль, боль гэхэд
-Дүү нар бас араа бодоорой. Юм өнөөдрөөр дуусахгүй гэдгийг мэдэж байгаа биз гэхэд нөгөө хэд хоорондоо дохилцоод “үйлдвэрлэсэн” бараагаа өгөв. Санаанд оромгүй хямд үнээр тавын таван утас бөөндсөн залуусаас зарим асуултад хариулт авлаа.
-Утаснуудаа арай хямдхан өгчихлөө дөө?
-Чи хэдээр авах байсан юм. Шинэ ченж юм уу, чи?
-Ийм олноор нь зарахыг бодоход мөнгө хэрэг болсон юм уу.
-Мэдээж тийм болоод л хямд зарж байгаа шүү дээ. Чи дахиж авчирвал авах юм уу? Утасныхаа дугаарыг өгчих.
-Та нар хаанаас утсаа авдаг юм бэ. Эсвэл утас засдаг юм уу?
-Тэр нь чамд хамаагүй. Авна гэвэл дугаараа өгчих.
-8801... гээд тэд цаашаа явав. Тэд бол “Montel” хавийн гар утас зарагчдын хямд бараа нийлүүлэгчид буюу халаасны хулгайч нар. Гар утас наймаалагчид болон лангуун доторх утасны 25-40 хувь нь халаасны хулгайч нарын нийлүүлдэг хямд бараа болохыг наймаачид үгүйсгээгүйгээр барахгүй “Тэд байхгүй бол бидний өдрийн орлого цөм буурна шүү дээ” гэсэн юм. Тэндээсээ гар утас худалдаалдаг байр руу орлоо.
Лангуу бүр дүүрэн утастай байх бөгөөд ихэнх нь өмнө нь хэн нэгний барьж байсан хуучин эд. Хуучин утаснуудыг хаанаас хэрхэн авдаг тухай хэд хэдэн худалдагчаас тодруулбал, “Солонгос, Хятад, Японоос оруулж ирдэг. Монголд бариагүй” хэмээн зайг нь авч, сериал гэх дугаарыг нь үзүүлж байв. Ийн явж байтал нэг эмэгтэй худалдагчтай муудалцаж байв.
-Би танд бүх юмыг нь шал гаад өгөөд явуулсан биз дээ. Өөрөө шатааж ирчихээд хүн загнаад байх юм. Та үүнийгээ үнэрлээд үз дээ. Хиншүү үнэртэж байгаа биз дээ”
хэмээн зайг нь үнэрлэж, хажуудаа зогсох хүний хамарт хүргэх аж.
-Шатах ямар ч үндэслэл байх гүй. Чамайг шалгаж бай хад цэнэглэж байсан нь үнэн. Гэхдээ гэрт очиход унтарсан байсан. Цэнэглэх гээд залгаад асаагүй. Тэгэхээр нь шууд цүнхлээд л ирлээ. Анхнаасаа эвдэрхий утас байсан болоод л асахгүй байгаа биз дээ. Энэ баталгаат хугацаа гэдэг чинь тэгээд юунд нь баталгаа өгдөг эд вэ. Хэрвээ намайг эвдсэн гээд байгаа бол баталгаат хугацааныхаа дагуу үнэгүй засаад өг. -Юу яриад байгаа юм бэ. Бүх юмыг нь цугтаа шалгаж авсан биз дээ.
Баталгаат хугацаа гэдэг чинь механик эвдрэл, батарей хоёрт хамаардагг үй юм. Одоо лангууны урдаас холд. Тэднийг ийн ярьж байх хооронд лангуу ажиллуулдаг худалдагч нар ам уралдан өнөөх үйлчлүүлэгчийг загнаж харагдав. Энэ мэтээр иргэдийг хохироох явдал өдөрт хэдэн арваараа болдгийг халаасан дахь хэдэн төгрөгтөө баригдаж, хямд үнэтэй утас авсан олон хүний амнаас сонсож байснаа хэлэх нь илүүц биз.
Тэндээсээ “Нарантуул” олон улсын худалдааны төвийн гэр ахуйн бараа зардаг төвийн үүдэнд очлоо. Тэнд ч “Утас авна, зарна” гэх залуус угтав. Тэдний бараа ч лангуун дээрхээс хямд байх бөгөөд бусдаас авахдаа ч тэдний хэлдгээр хэд дахин “миалж” авдаг аж.
ОРЛОГЫН УЛИРАЛ ЭХЛЭЭД ОВОО БАЙНА
Хүнсний захын үүдэнд хэсэг зогслоо. Учир нь тэнд хэн нэгний халаас руу бусдын гар орж, юуг нь ч юм авахыг “бодит”-оор нь харж болох ту хай танил маань захисан юм. Түүнчлэн хулгай хийж байгааг нь барьж өгсөн нэг охины нүдийг сахлын хутгаар зүсэж байсан гэх үнэн эсэх нь тодорхойгүй зүйл хэлээд на майг тийм тэнэг үйлдэл хийхгүй байхыг сануулсан юм.
Хэн ч тэднийг хулгайч гэж сэжиглэхээргүй аж. 25-40 орчим насны гурван залуу Хүнсний захын үүдээр орж, гарах хүмүүсийн халаас, цүнхийг харцаараа нэгжиж, нэг нэгэн рүү- гээ дохив. Хижээл насны, эхнэр, нөхөр бололтой хоёр хүн тортой юмаа дааж ядан Хүнсний захаас гарч ирлээ.
Барьж яваа юмандаа түүртээд ч тэр үү халаас, цүнхээ анзаарах сөхөөгүй явааг нөгөө гурав мэдэж байгаа бололтой. Алхаж явахад нь араас нь хүрэн хүрэмтэй залуу хагас суусан байдалтайгаар даган алхаж, эмэгтэйнх нь гар цүнхний цахилгааныг чадварлаг онгойлгож, ямар нэг “юм” аваад эргэв. Шалавхан нэг нь зөрж байгаа дүр эсгэн гараас нь өнөөх “юм”-ыг аваад цаашаа явж одов. Цүнхээ ухуулсан хоёр ажиг аваагүйгээр барахгүй, юу ч болоогүй мэт цаашаа явлаа. Удалгүй нөгөө гурав цуглан олзоо гаргахад хэтэвч харагдав. Хүрэн хүрэм тэн өвөртөлчихөөд хэн нэгний халаасыг анзаарав бололтой, хөнгөн алхалж эхлэв.
Хүнсний зах руу орж яваа эмэгтэйн араас суух шиг болоод эргэсэн. Тэд тэр эмэгтэйн гар утсыг суйлж чаджээ. Түүнээс хойш 20-иод минут өнгөрөхөд тэд дөрвөн ч утастай болоодхов. Араас нь дагавал гэр ахуйн бараа зардаг төвийн үүдэнд зогсдог утасны ченжүүд дээр очлоо. “Орлогын улирал эхлээд овоо байна. “Наадуул чинь “чулуу” шүү. Нийлүүлээд 50 мянган төгрөг өгөөд ав” гэхэд нөгөөдүүл нь “За боль, боль” гэх сонсогдов. Удалгүй нөгөө гурав мөнгө тоолж аваад хөдлөв.
Тэднийг нэлээд хугацаанд ажигласныг анзаарсан бололтой бие бие рүүгээ дохиж, ямар нэг юм шивнэлдэн гурван тийш салж одсон юм. Явсных нь дараа
-Ах аа, энэ утас хэд вэ? хэмээн утас авсан залуугаас асуувал,
-100-гаас яриад ав.
-Яриад хэд вэ?
-95-аас буухгүй гэсэн юм.
ГЭЭСЭН ГАР УТСЫГ ДАХИН АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛГОХЫГ ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ КОМПАНИУДАД ДААЛГАЯ
Гар утсаа суйлуулаагүй, хулгайд алдаж байгаагүй хүн ер нь цөөхөн байх. Хамгийн сонин нь гар утсаа алдсан хүн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртг үүлэх нь бараг үгүй. “Эд зүйлээ алдлаа” гээд очихоор хулгай хийж, хүн алсан юм шиг байцаалт өгч, олон хоногоор цагдаагийн газрын үүд сахидаг. Тэгээд ч олддоггүй юм чинь “Гарах юм гарзандаа гараа л биз” гээд өнгөрдөг хэмээн иргэд ярьж байсан. Гар утасны хулгай, дээрмийн хэрэг Орос манай хоёрт л байдаг гэсэн.
Бусад оронд бол гар утсаа гудамжинд хаясан ч хүн тоож авдаггүй аж. Учир нь хэчнээн үнэтэй ч түүнийг өөр хүн ашиглах боломжгүй юм байна. Гар утас худалдаж авсан хэн ч утасныхаа дотор талд байх тусгай кодыг үүрэн телефоны компанид бүртгүүлдэг аж.
Хэрэглэгч гар утсаа хулгайд алдсан, гээсэн, дээрэмдүүлсэн тухайгаа цагдаагийн газарт, үүрэн телефоны компанид бүртгүүлэхэд л болоо. Ийм тохиолдолд тэр утсанд өөр ямар ч сим карт хийгээд нэмэрг үй. Тэр карт нь автоматаар устдаг аж. Тиймээс бусдын гар утсыг хулгайлан өөр карт хийн ашиглах ямар ч боломжгүй. Харин манайд ямар байдгийг бид мэднэ.
Ямар ч утсанд дурын сим карт хийгээд ашиглаж болно. Уг нь манай компаниудад хулгайн, дээрмийн утсыг ашиглуулахгүй байх техникийн боломж байгаа юм билээ. Харамсалтай нь орлогоо бодоод ч юм уу, тэр бүхнийг нэвтрүүлдэггүй гэх.
Хэрэв ийм үйлчилгээ нэвтрүүлбэл газар аваад байгаа гар утасны хулгай, дээрмийн хэрэг багасах, устах боломжтой. Тиймээс үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгч компаниуд ард иргэд, үйлчлүүлэгчдээ бодоод хулгай, дээрмийн замаар олж авсан гар утсыг ашиглах боломжгүй болгох үйлчилгээг нэвтрүүлэх цаг болжээ. Танай компанийн хэрэглэгч болж, төлбөр төлж байгаагийнхаа хажуугаар гэмт хэргийн золиос болмооргүй байна шүү дээ. Техникийн боломж нь байсаар атал хэрэглэгчдээсээ түүнийг нуугаад яах нь вэ. Утас дуугарав. Нууцалсан дугаар байв.
-Байна уу?
-Утас авах уу. Хоёр утас байна...
Б.Дун