Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зургаа дахь жилдээ "Шарилжгүй Улаанбаатар" аяныг зохион байгуулж байна. Энэ жилийн аян хоёр үе шаттай бөгөөд нэгдүгээрх нь өнгөрсөн долдугаар сарын 16-30-ны хооронд болсон. Харин хоёрдугаар ээлжийг наймдугаар сарын 5-25-ны хооронд зохион байгуулах аж. Хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа хадаж, тайрч авдаг учир ийнхүү наймдугаар сард эл ажлыг зохин байгуулж буй.
Хоёрдугаар ээлжийн ажил эхлэхтэй холбогдуулан сургууль, эмнэлэг, дугуйн зам дагуу ногоон зурвасуудад тайралт хийх чиглэл өгчээ. Тус аяны хүрээнд 136 ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангаж хувцас, хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, автомат хадуураар бүрэн хангаж өдрийн хоол, урамшуулал олгож буй хэмээн холбогдох албанаас мэдээлэв. "Шарилжгүй Улаанбаатар-6" аяны нэгдүгээр ээлжид есөн дүүргийн 4899 аж ахуйн нэгж, байгууллагын 24.521 хүн оролцож, 7.546.640 ам метр талбайн 1323 тонн шарилж, зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэжээ.
Ташрамд дурдахад, өмнөх онуудад буюу 2017 онд 2.7, 2018 онд 4.2, 2019 онд 4.2, 2020 онд 4.8, 2021 оны эхний хагаст 1.5 сая ам метр талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгасан байна. .