Энэ оны долдугаар сарын 18-26-нд Өмнөговь аймагт их хэмжээний усархаг бороо орж, зарим газарт үерийн аюул нүүрлэсэн. Тэр дундаа Даланзадгад хотод их хэмжээний үер бууж аж ахуйн нэгжийн барилга болон айлын гэр, байшин сүйдсэн тохиолдол гарсан юм. Тэгвэл Даланзадгад сумын Онцгой комиссын 14 дүгээр хуралдаанаар үерийн улмаас их хэмжээний хохирол амссан өрхүүдэд мөнгөн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний дагуу найман багийн иргэдэд учруулсан хохирлын хэмжээ, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 118 өрхөд 23.6 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон байна.