Говийн бага дархан цаазат газарт Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо, Ханбогд, Дорноговийн Хатанбулаг сумын өмнөд хэсгийн хилийн заагийн 1.830.429 га нутаг хамаардаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн хяналт, шалгалтын ажлыг шинэ түвшинд гаргаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор "СМАРТ" системийг дээрх дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2017 оноос хэрэглэж эхэлсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байгаль хамгаалагчид 243 удаагийн эргүүл, хяналт, шалгалт хийсэн бөгөөд үүнд 325 өдрийг зарцуулсан хэмээн тэмдэглүүлжээ. Ингэхдээ 56.737 километр замыг туулж, эргүүл, хяналтын хуудас хөтлөн, тэмдэглэл хийсэн байна.
Судалгааны үр дүнд цуглуулсан бүх мэдээллийг "СМАРТ" программын санд оруулснаар байгаль хамгаалагчид нэгдсэн журмаар мэдээлэл авах сувагтай болжээ. Цаашид дээрх программыг бүрэн ашиглаж, Монгол орны нийт тусгай хамгаалалттай газар нутагт дэлгэрүүлэхээр төлөвлөж буй хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв.