Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Г.Цэнгэлмаа “Коронавирусээс дутахгүй санаа зовоож буй асуудал бол таргалалт” гэв. Учир шалтгааныг нь тодруулахад, “Амьдралын дадал, хэвшлээс үүдэлтэй энэ эмгэг олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог. Зүрх судас, амьсгалын замын эмгэгээр нас барах, хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20-49 хувиар нэмэгдүүлдэг” хэмээн хариуллаа. “Манай улс таргалалттай тэмцээд удаж буй. Таргалалтын үзүүлэлтээр Азид дээгүүрт жагсдаг. Өнөөдөр үүссэн шинэ асуудал биш шүү дээ” гэж сөргүүлэхэд “Мэдээж тийм. Гэхдээ “Ковид-19”-ийн нөхцөл байдал хүн амын дунд таргалалт нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлж байна. Эмч хүний хувьд өвчтөнийхөө, байнга үзүүлдэг хүмүүсийнхээ эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг задруулах нь ёс зүйгүйд тооцогдож болзошгүй. Гэвч үзүүлэхээр ирж буй таван хүн тутмын хоёр нь таргалалттай байгаа нь миний сэтгэлийг үнэхээр зовоодог” хэмээв.
4000 гаруй хүн амтай хорооны залуухан эмчийн энэ эмзэглэл сэтгэлд тод үлдэв. Түүний хэлснийг лавшруулан судалбал таргалалт цар тахалтай үнэхээр “гар нийлж”, гал дээр тос нэмсэн нь тодорхой болов. Коронавирусийн нөхцөл байдлаас улбаатай хөл хорио, хязгаарлалт иргэдийн амьдралын хэв маягийг идэвхгүй болгож, таргалах “таатай нөхцөл” бүрдүүлжээ. “Ковид-19”-ийн эрсдэлээс сэргийлж, идэвхтэй байдал (хөдөлгөөний)-ыг эрэлхийлж буй хүмүүс бий ч тодорхой хязгаарлалтын улмаас гадагшаа гарах боломжгүй болж, халдвар авах вий гэж болгоомжлохдоо сайн дураар “тэг зогсолт” хийж, гэртээ бүгсэн нь түүнээс олон аж. Хүмүүс гэртээ олон цагийг өнгөрүүлэх болсноор удаан хугацаагаар дэлгэц ширтэх, хөдөлгөөний дутагдалд орох, зохисгүй хооллох, оройтож унтах, архи, тамхи хэрэглэх зэрэг муу зуршлыг хослуулан “хөгжүүлж”, бие махбодоо хохироох нь ихэсжээ. Эдгээр нь таргалалтыг өөгшүүлж, илүүдэл жинтэй болоход хүргэдэг гол хүчин зүйл юм. Үүнтэй холбогдуулан олон улсын байгууллагууд дуугарч эхэлсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсанд өнгөрсөн сард байршуулсан “Илүүдэл жин ба таргалалт” нийтлэлд “Дэлхий даяар таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн. 2018 оны байдлаар 18 ба түүнээс дээш насны 1.9 тэрбум гаруй хүн илүүдэл жинтэй, үүний 650 сая орчим нь таргалалттай байсан. 2020 оны судалгаагаар таваас доош насны 39 сая хүүхэд таргалалттайг тогтоогоод буй. Нэгэн цагт үүнийг зөвхөн хөгжингүй улсын, чинээлэг амьдралтай иргэдэд тулгамддаг асуудал гэж үздэг байсан бол одоо ядуу буурай орны бага, дунд орлоготой хүмүүс ч энэ аюулд нэрвэгдэх боллоо. Африкт таргалалттай, таваас доош насны хүүхэд 2000 оныхоос 24 хувиар нэмэгдсэн. 5-19 насныхны дунд энэ үзүүлэлт 1975 оныхоос 18 хувийн өсөлттэй буй. Таргалалт дэлхий дахины тулгамдсан асуудал гэдгийг эдгээр статистик харуулж байна.
Дэлхийн таргалалтын холбоо (WOF) 2020-2021 онд улс орнуудын хүн амын дунд таргалалт 35-аас дээш хувиар нэмэгдсэн байж болзошгүй гэсэн тооцоолол гаргасан. 18-аас дээш насныхны дунд эзлэх таргалалтын үзүүлэлтээр харьцангуй өндөрт тооцогддог Азийн зургаан оронд 2020 онд санамсаргүй түүврийн аргаар хүнс тэжээл болон хорт зуршлаас үүдэлтэй эмгэгийн судалгаа хийхэд 10 хүн тутмын зургаа нь ийм бэрхшээлтэй, үүнээс үүдэлтэй ямар нэг зовуурь шаналгаатай нь тогтоогдсон. Коронавирусийн нөхцөл байдал үүнд гол нөлөөтэй” хэмээн онцолжээ.
Таргалалтын хор уршгийг иргэдэд таниулах, урьдчилан сэргийлэх боломжтойг ойлгуулах ажлуудыг эрүүл мэндийн байгууллагууд эрчимжүүлэх, тогтмол зохион байгуулах чиглэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гишүүн орнууддаа өгснийг дурдсан байв. Цар тахлын улмаас нас барагcдын 44 хувийг “жингийн асуудалтай” хүн эзэлж буй бөгөөд энэ мэт сорилт дэлхий нийтийн өмнө дахин тулгарахад хамгийн их эрсдэл, хохирол амсаж болзошгүй эмзэг бүлэг бол энэ гэжээ.
Таргалалт зөвхөн чинээлэг, орлого өндөртэй хүмүүст тулгардаггүйг дээр онцлон дурдсан. Тэгвэл үүнийг батлах өөр нэг судалгааг Харвардын их сургуулийн судлаачид цар тахлын аюул нөмөрсөн энэ цаг үед хийжээ. Нийгэм, цаг үеийн байдал сайнгүй байгаагийн хэрээр иргэдийн амьжиргаа, санхүүгийн чадамж буурч, үүнийг дагаад хүнс тэжээлийн нэр, төрөл хумигджээ. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний сонголт багассан гэсэн үг. Энэ тохиолдолд хүмүүс нүүрс ус ихтэй, хямд, чихэрлэг бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь ихэсдэг гэнэ. Хоолзүйч, хүнс судлаачид томоохон супермаркетаар үйлчлүүлэгчдийн дунд удаан хугацааны тандалт хийхэд энэ төрлийн бүтээгдэхүүн хамгийн их борлуулалттай байж. Харамсалтай нь, эдгээр нь таргалалтыг өдөөгч гол хүчин зүйлд тооцогддог. Манайх шиг хоёр жил орчмын хугацаанд иргэдээ гэрт нь “түгжиж”, ажил, үйлчилгээгээ таг зогсоосон, угаас хүнсний бүтээгдэхүүний сонголт муу, нүүрс ус ихтэй гурил, будаа, төмс өдөр тутам хэрэглэдэг орны иргэдийн хувьд олон улсын судлаачдын энэ “төсөөлөл” цар тахлын бараан сүүдэрт автсан өдрүүдэд жинхэнэ утгаараа биелсэн байх магадлал өндөр.
…Нийгэм, цаг үеийн байдал сайнгүй байгаагийн хэрээр иргэдийн амьжиргаа, санхүүгийн чадамж буурч, үүнийг дагаад хүнс тэжээлийн нэр, төрөл хумигджээ. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний сонголт багассан гэсэн үг. Энэ тохиолдолд хүмүүс нүүрс ус ихтэй, хямд, чихэрлэг бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь ихэсдэг гэнэ…
Манай улсын хүн амын дунд таргалалт ямар түвшинд байгаа, сүүлд хэзээ тандалт, судалгаа хийсэн, энэ асуудалд хэрхэн анхаарч буйг ЭМЯ-ныхнаас тодруулахад “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний V cудалгааг 2017 онд хийсэн. Тэнд таргалалтын асуудлыг авч үзсэн. Үүнээс хойш судалгаа хийгээгүй. Олон улсын байгууллагуудаас өгч буй мэдээлэл, чиглэлийн хүрээнд таргалалтын уршгийг иргэдэд ойлгуулах, амьдралын идэвхтэй хэв маягт суралцах, дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг сурталчлах зорилготой нөлөөллийн ажлуудыг цахим сүлжээнд хийж байгаа” гэв. Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан А.Сарантуяа “Таргалалт бүх өвчнийг хүндрүүлж, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас иргэдийг хорт зуршлаа хаях, тогтмол цагт, бага хэмжээгээр хооллох, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ түлхүү хэрэглэх, өөх тостой, шарсан, хуурсан хоолноос татгалзахыг уриалсаар ирсэн. Цар тахлын цаг үед ч энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл түгээсээр байна” гэв.
Мэргэжлийн байгууллагынхны хамгийн сүүлд хийсэн эл судалгаагаар манай улсын хүн амын 51 хувь нь таргалалттай гэж дүгнэжээ. Энэ нь 2005 оны үеийнхээс 20 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Насны ангиллаар авч үзвэл хүүхдүүд зонхилжээ. Тодруулбал, тав хүртэлх насныхны 11.7, 6-11-тэй хүүхдийн 28 хувь нь таргалалттай байж. Хоёр хүртэлх насныханд энэ үзүүлэлт хамгийн өндөр буюу 15.9-18.7 хувьтай гарчээ. Насанд хүрэгчдийн хувьд төрөөд удаагүй, бага насны хүүхэдтэй ээжүүдийн дунд эрсдэл хамгийн өндөр аж. Бараг 63 хувь нь ийм асуудалтай байжээ. Харин одоо эдгээр статистик, баримт хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна.
Олон улсын байгууллагууд таргалалтын асуудалд онцгой анхаарах боллоо. Ялангуяа бага насныхныг жингийн илүүдэлгүй байлгах замаар дархлааны системийг нь дэмжих, цар тахлын эрсдэлээс хамгаалах, идэвхтэй хөдөлгөөн хийлгэх нь таргалалттай хүүхдийн тоог 2025 он гэхэд 40 хувиар бууруулах дэлхий нийтийн нэгдмэл зорилго (НҮБ-ын Хүүхдийн сангаас дэвшүүлсэн)-ыг биелүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж үзэж буй. Харин манай улс энэ асуудалд анхаарах сөхөөгүй коронавирустэй “тэмцэлдсээр” байна.