Тээврийн прокурорын газраас Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх Олон Улсын “Чингис хаан” нисэх буудал хүртэлх зам дээр гарсан осол хэрэг, зөрчлийг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас шалгах ажиллагаанд хяналт тавьж эхэллээ. Үүний хүрээнд тухайн чиглэлийн зам дээр аливаа осол болон бусад болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэхээр Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран өнөөдөр (2021 оны наймдугаар сарын 03) хамтарсан уулзалт зохион байгуулав. Энэ үеэр зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн талаар харилцан мэдээ, мэдээлэл солилцож байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ашиглалтын үйл ажиллагааг анхаарах, зам дээр замын хөдөлгөөнд оролцох дүрмийн талаарх ойлголт, мэдээллийг олон нийтэд хүргэх асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов. Өнгөрсөн жил ашиглалтад оруулсан дээрх зам ганц нэг удаагийн борооны ая даалгүй эвдэрч, улмаар осол, аваарь гарч, шүүмжлэл дагуулсан. Тиймээс хэсэг хугацаанд хаасан замаа саяхан нээж, зорчигч хөдөлгөөний урсгалыг хэвийн горимд шилжүүлсэн аж.