Эрүүгийн цагдаагийн албаны мэдээллээр энэ онд хүн худалдах буюу Эрүүгийн хуулийн 13.1-т заасан гэмт хэрэг Монголд гурав гарсан. Хэргийн улмаас насанд хүрээгүй таван хүн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөж, бие сэтгэлийн аймшигт хохирол амссан гэнэ. Ийм нэг хэргийн хоёр шүүх хурал өнгөрсөн болон энэ долоо хоногт болжээ. Эхнийх нь өнгөрсөн пүрэв гарагт болсон. Шүүгчдэгч Н.Дэлгэрмаа, Б.Гэрэлчимэг, Б.Мөнхбат нар бүлэглэн насанд хүрээгүй Г, Б нарыг бусдад худалдсан, бэлгийн мөлжлөгт оруулсан хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1-1.2, 13.1-2.2, 13.1-2.3 болон 12.1-2.1, 12.1-2.4-т зааснаар ял төлөвлөжээ. Харамсалтай нь, хохирогчийн өмгөөлөгч ковид туссан тул эл хэргийг эцэслэн шийдэх боломжгүй болж, шүүх хурлыг хойшлуулав. Улмаар хэргийг шүүн хэлэлцэх дараагийн хурлыг есдүгээр сарын 8-ны 12.00 цагт товлосон байна. Харин өчигдөр шүүгдэгч Ч.Болдбаатар, Ц.Уранбилэг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болов. Тэдний охидыг наймаалж, хохирсон дээр нь хохироож, тохуурхан доромжилсон гэх үйлдлийг шүүгч нар үндэслэлтэй гэж үзээд, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 12-ны 13.00 цагт хийхээр товлолоо.