Ираны эрх баригчид Оманы эрэг орчимд нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан хөлөг онгоцонд дроноос цохилт өгсөн гэж АНУ, Израил мэдэгдэв. Үүнийг Ираны Засгийн газар няцаалаа.
“Мерсер стрит” хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногт халдлагад өртсөний улмаас хамгаалагчаар ажилладаг, Британийн болон Румыний харьяат хоёр хүний амь эрсэджээ. Японы компанийн уг хөлөг онгоц Либерийн далбаатай явсан аж. Гэхдээ хөлөг онгоцыг Израилын бизнес эрхлэгч Эяль Офер менежерээр нь ажилладаг “Zodiac maritime” ашигладаг. “Олж авсан мэдээллээ шалгаж үзээд Иран халдсаныг тогтоосон” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Үүний өмнө Израилын тагнуулчид ийм мэдэгдэл хийгээд, хариу арга хэмжээ авахыг уламжилсан байна. Харин Ираны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Саид Хатибзаде уг халдлагад тус улс оролцоогүйг мэдэгдээд, “Израилыг үндэслэлгүйгээр буруушаадгаа болих нь зүйтэй” гэжээ.