Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгааг хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулана хэмээн тусгасан билээ. Үүний хүрээнд манай орны цэнгэг усны 70 хувийн нөөцийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэн, эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарах ажлын хэсэг өчигдөр хуралдсан юм.
Уг ажлын хүрээнд засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг ажлыг эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай учир БОАЖЯ-наас санхүүжилт гарган, удирдлага менежментээр хангаж, Онцгой байдлын ерөнхий газрынхан ажлыг гүйцэтгэхээр болжээ. Живсэн Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, "БОР-500" загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй аж.
Эл хөлөг онгоц Хөвсгөл нуурын 50 метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоосон байна. Монгол Улсын хувьд өмнө нь ийм том хэмжээний хөлгийг уснаас татан гаргах ажиллагаа зохион байгуулсан туршлагагүй гэнэ. Дээрх хөлөг онгоц нь 16 давхар байшинтай тэнцэх хэмжээний овортой аж. Иймд аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэх, ОХУ-аас туршлага солилцох, татан авалтын нарийн төлөвлөгөөг гаргаж, бүх талаар хамтран ажиллах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид хэлэв.