Туул, Тэрэлж, Хэрлэн голын усны түвшин энэ сард олон жилийн дундаж орчим, түүнээс бага орох хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн, үерийн түвшинд хүрэх магадлалтай байна. Цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ч түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалганд уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой аж.
Иймд гол мөрний сав газраар нутаглаж, аялж амарч буй иргэдийг үерийн ус, усны осолд өртөх аюулаас болгоомжилж, хуурай сайр, гуу жалганы ойролцоо болон уулын ам тосон бууж суурьшихгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, баталгаагүй гарам, гарцаар зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэв.