Энэ оны тавдугаар сард архидан согтуурсан залуу 82 настай буурайг зодож, амь насыг хохироосон хэрэг Баянзүрх дүүрэгт гарч, олон нийтийг эмзэглүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг эцэслэн шийдэв. Гэмт этгээд хэрэг үйлдэхдээ согтуу байсан бөгөөд бусдыг зодож, гэмтэл учруулахаас гадна төрсөн аавыгаа зэрлэгээр хөнөөсөн юм.
Прокурорын байгууллагаас яллагдагч Б.Чимэддоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2-7, 10.2-8 болон 11.6-2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Чимэддоржийн бусдын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан хэрэг буюу 11.6-2-т заасан үйлдлийг нь Өршөөлийн тухай хуульд хамруулжээ. Харин хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн амийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн үйлдэлд нь 18 жилийн ял оноолоо.