Японоос ирж буй иргэдийг цацраг идэвхт бодис тээсэн эсэхийг шалгаж байсан Цөмийн энергийн газрынхан Буянт-Ухаа дахь хяналт шалгалтын багаа буулгажээ. Японы газар хөдлөлт, цунамийн улмаас атомын цахилгаан станц дэлбэрсэнтэй холбоотой хор уршиг намжиж, иргэд ирэх нь багассанаас энэ арга хэмжээг авсан гэнэ. Гэсэн ч атомын цахилгаан станц дэлбэрсэн мужаас ирэх иргэдийн тоо буурахгүй байхад хяналт шалгалтын багаа буулгасанд иргэд шүүмжлэлтэй хан даж байгаа аж.
Энэ талаар Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатаас тодруулахад “Японоос ирэх иргэдийн тоо буурсан болохоор хяналтын багаа буулгасан. Тэгээд ч тус улсаас ирж буй иргэдээс илэрсэн цацраг идэвхт бодис нь хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэхгүй байсан.Гэхдээ шалгалтын баг буулаа гээд цацраг идэвхт бодис тээсэн иргэд шууд орж ирнэ гэж ойлгож болохгүй. Нисэх хүчний бодис илрүүлэгч шалгалтын баг ажиллаж байгаа” гэв.
Г.ОРЧЛОН