Налайх дүүрэгт байрладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, төмөр боловсруулах “Металлурт” компанийн хашаанд байсан төмрийн овоолгод байлдааны сөнөөгч онгоцны эд анги, тоног төхөөрөмж олноор нь хураасан байжээ. Чухам хэн, хэзээ тэдгээр онгоцны эд ангийг хятадуудад өгсөн нь тодорхойгүй байгаа юм. Энэ асуудлыг анх Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрынхан тус компанид ажиллаж байгаа хятад иргэдийг шалгах явцдаа олж мэдсэн талаар эх сурвалж өгүүллээ.
Энэ талаар тус газрынхнаас лавлахад “Бид өнгөрсөн сарын сүүлчээр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Металлурт” компанид ажиллаж байгаа хятад иргэдийг шалгасан юм. Тэнд 20 гаруй хятад иргэд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байсан. Сүүлд нь мөн тооны хүн нэмж ирж ажиллаж байгаа юм билээ. Энэ шалгалтын үеэр байлдааны зориулалттай нисэх онгоцны эд анги, их биеийг хэдэн хэсэг хувааж, төмрийн хог дунд хаясан байсныг илрүүлсэн. Бидний шалгах ёстой асуудал биш болохоор цаашид хэрхсэнийг мэдэхгүй” гэлээ. Бидэнд олдсон мэдээллээр энэ асуудлыг ТЕГ, цэргийн тагнуулынхан шалгаж байгаа сурагтай.
Өөр нэгэн эх сурвалж “Энэ 20 гаруй сөнөөгч онгоц нь манай улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт данстай ч ашиглалтын хугацаа нь дуусаад актлагдсан эд байсан юм” хэмээв. ЗХУ-аас манай улсын зэвсэг техникийн шинэчлэлийн хүрээнд 1979 онд “МИГ-21” загварын сөнөөгч, бөмбөгдөгч 40 онгоц өгсөн аж. Ингэхдээ эдгээр онгоцуудыг өөрсдийнхөө зөвшөөрөлгүйгээр гуравдагч оронд худалдахгүй байх талаар гэрээ байгуулсан гэдэг юм билээ. Улмаар Налайхад байрладаг 133 дугаар ангийнхан энэ онгоцоор байлдааны бэлтгэл хийж, харин оросууд засвар үйлчилгээг нь хариуцаж байсан гэнэ.
Ингээд зах зээлийн нийгэмд хоёр улс шилжиж, манайд ажиллаж, амьдарч байсан оросууд нутаг буцахтай зэрэгцээд сэлбэг хэрэгсэл нийлүүлэх боломжгүй болжээ. Хэдий тийм ч манайхан өөрсдийн бололцоогоор засаж сэлбэж, нислэгт гаргаж байсан ч эдэлгээний хугацаа, нислэгийн цаг нь дууссан онгоцоор бэлтгэл хийснээс таван нисгэгч амиа алдсан гашуун түүх бий. Эцэст нь бүтэн үлдсэн ч ашиглалтын цаг дууссан онгоцуудаа актлах Батлан хамгаалахын сайдын тушаал 2001 онд гарсан юм байна. Дараа нь эдгээр онгоцуудаа нэг бүрийг нь 20 орчим мянган доллараар ху далдахаар болсон ч наймаа бүтэлгүйтсэн аж.
Сүүлдээ 4000-8000 доллараар худалдахыг оролдоод ч чадаагүй гэнэ. Ийм маягаар хөөцөлдсөөр Батлан хам гаалахын сайд М.Сономпилийн үед “Транс сэргэлт” компанийн захирлын алба хашиж байсан, эдүгээгийн ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын дарга, бригадын генерал Д.Энхбаатар Донын Ростовын нэг компанид худалдах гэрээ хийж онгоцуудыг задлан төмөр чингэлэгт хийсэн байж. Гэтэл ОХУ-ын Засгийн газраас эсэргүүцлийн ноот илгээж, 1979 оны гэрээг сануулж энэ наймааг болиулсан юм байна.
Учир нь худалдан авагчид нь хойд Солонгост нийлүүлж болзошгүй байсан гэдэг. Ингээд хэнд ч хэрэггүй, дахин угсрах боломжгүй болсон “МИГ-21” онгоцуудаа төмрийн хогонд тушаасан байх магадлалтай аж.
Г.ЦОЛМОН