Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагааны зөвлөлийн энэ оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Өнгөрсөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд эрх зүйн орчныг бүрдүүлж сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, боловсон хүчний бэлэн байдлыг хангаж мэргэшүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр 40 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон билээ. Эл зорилт өдгөө 47 хувийн биелэлттэй байгаа аж. Хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсын Засгийн газраас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах мэдлэг, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх чиглэлээр тодорхой ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилт хангалттай бус байна" хэмээв.
2019 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр манай орны нутаг дэвсгэрийн 76 хувь газар хөдлөлтийн долоо болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд оржээ. 2020 оны эхний найман сарын байдлаар их бага хэмжээгээр 39.786 газар хөдлөлт бүртгэгдсэн нь газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх станцуудын хэвийн ажиллагааг эрчимжүүлж, шинэ техник технологийг ашиглаж аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээгээ бүх түвшинд эрчимжүүлэх шаардлагатай байгааг анхааруулсан хэрэг болсон юм. Иймд Барилга хот, байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулж, салбар хоорондын уялдааг ханган үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг хангуулах, сүүлийн үеийн шинэ техник технологийг нэвтрүүлж зарлан мэдээлэх станцуудыг шинэчилж сайжруулах чиглэлээр нарийвчилсан судалгаа тооцооллыг хийж, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх журмыг эцэслэн боловсруулж дуусгахыг Шадар сайд холбогдох албаныханд үүрэг болгов.
УОК-оос ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэн, ОБЕГ-ын Шуурхай Удирдлагын Зарлан мэдээлэх төвд дамжуулах системийг бүрдүүлж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс ажиллуулж эхэлжээ. Түүнээс хойш 3.5-аас дээш хүчтэй 58 удаагийн газар хөдлөлтийн мэдээлэл бүртгэгджээ.
Монгол орны хувьд газар хөдлөлтийг бүртгэх станц хоорондын зай 250-300 км байгаа нь тухайн газар хөдлөлт дараачийн станцад 40-50 секундийн дараа бүртгэгдэж байна. Сүүлийн үед хүчтэй газар хөдлөлтүүд нийслэлд мэдрэгдэж байгаа тул олон улсын жишгээр томоохон хот суурин газруудад чичирхийллийн хурдатгал бичигч багаж суурилуулан судалгаа хийх шаардлага тулгарчээ. Ялангуяа, Улаанбаатар хотод хурдатгал бичиг багаж байдаггүй бөгөөд нийслэл хотын сав газарт чичирхийллийг бүртгэх 10 станцын тоног төхөөрөмжийг байгуулах, газар хөдлөлтийн зарлан мэдээлэх станцуудыг шинэчлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах шаардлагатай байгааг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл хэллээ.
Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-аас газар хөдлөлтийг урьдчилан мэдээлэх гурван станцыг худалдан авах тендер зарлаж, хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд цаашид аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг дэвсгэртээ байгаа газар хөдлөлтийн станцуудыг хариуцаж хэвийн ажиллагааг хангах үүргийг Шадар сайд өглөө. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар газар хөдлөлт мэдрэгдсэн 12 аймгийн 960 барилга байгууламжид газар хөдлөлтийн нөлөөлөл ямар байдлаар илэрч байгааг нь хяналт тавихад 570 барилгад эвдрэл гэмтэл үүссэн, 210-т шинээр эвдрэл үүссэн байгааг тогтоожээ. Мөн сургууль цэцэрлэг, эмнэлэгт эрдслийн үнэлгээг хийхэд орон нутагт 1834, нийслэлд 7152 барилга байгууламж эрсдэл ихтэй байгаа аж. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд ингэснээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжуудын мэдээллийн нэгдсэн сан үүсэх боломжтой гэдгийг МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэллээ.