Токиогийн Олимпд буудлагын төрлөөр алтан медаль хүртсэн Ираны тамирчин Жавад Форугийн талаар шуугиан дэгдээд байна.
Жавад Форуг нь дэлхийн хэд хэдэн улсад террорист хэмээн тооцогддог Ираны Хувьсгалт гвардийн корпусын гишүүн байсан нь илэрчээ. Тэрээр хийн гар бууны төрлөөр алтан медаль хүртээд зогсохгүй Олимпын шинэ дээд амжилт тогтоосон байна. 41 настай иран тамирчны эл ялалт бусад орны тамирчдын уур хилэнг их хүргэжээ. Ялангуяа түүний өрсөлдөгч Солонгосын тамирчин Чин Жон О “Алан хядагч хүн Олимпд түрүүлж болно гэж үү! Энэ бол утгагүй хэрэг” гэж дургүйцлээ илэрхийлсэн байна.
Хүний эрхийг хамгаалах “United for Navid” энэ талаар “Форугид алтан медаль гардуулсан явдал Ираны спорт төдийгүй ОУОХ, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд сүйрэл юм” хэмээн мэдэгдэв.
“Sport Express” сонины мэдээлснээр Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгчид “Ираны Хувьсгалт гвардийн корпусыг Гитлерийн үеийн харгис SS –ийн цэрэгтэй зүйрлэжээ.
ОУОХ -ны зүгээс тайлбар хийхдээ олон улсын дүрмийг баримталдаг мэргэшсэн тамирчид улс орноосоо сонгогдсон тохиолдолд өрсөлдөх боломжтой гэж мэдэгджээ. Цэргийн албан хаагч олон тамирчид олон улсын тэмцээнд оролцдог бөгөөд энэ нь Олимпд оролцоход саад болдоггүй гэж наадмыг зохион байгуулагчид мэдээлэв.