Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших Онги голын 54.8 метр урттай, төмөр бетон гүүрийг ашиглалтад орууллаа. Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар уг гүүрийн зураг төслийг “ГБЭТ” ХХК хийж, “Зам Замын Байгууламж” ХХК ажлыг гүйцэтгэжээ. Харин Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ техник, технологийн хяналт тавьж ажилласан байна.
Хайрган хучилт бүхий 260 метрийн урттай авто зам, 130 метр урт эргийн чулуун бэхэлгээтэй, 80 метрийн далангийн налуугийн чулуун бэхэлгээтэй гүүрийн барилгын ажлыг “ЗЗБ” ХХК 2020 оны тавдугаар сард эхлүүлж, өнгөрсөн зургадугаар сард бүрэн дуусгажээ.
“ЗЗБ” ХХК-ийн ерөнхий инженер А.Жавхлантөгс ахлагчтай 30 гаруй ажилтан 17 машин техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй баталсан зураг төсөл, техникийн шаардлага, гэрээний нөхцөлийн дагуу ажлын график төлөвлөгөө, технологи аргачлалыг гаргаж, орон нутгийн удирдах байгууллагуудтай хамтран ийнхүү гүүрийг барьжээ.