Туркийн Мугла мужийн ойд гал тавьсан этгээдийг баривчилснаа тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдэгджээ. Ойн түймэр бүтэн долоо хоног асаж буй өмнөд нутгийг гамшгийн бүсээр зарласан байна. Зургаан мужийг хамарсан түймэрт зургаан хүн амиа алдаж, 410 оршин суугч өртжээ. Сүүлийн дөрөв хоногт тус улсын 30 мужийн ойн 88 түймрийг цурманд оруулсан гэнэ. Амралт сувиллын Бодрум, Мармарис гэдэг газарт амрагсдыг нүүлгэжээ. Мөн аюулаас сэргийлэхийн тулд гурван зочид буудал дахь иргэдийг шилжүүлэн байрлуулав. Тиймрийн утаа хэдэн арван км газарт тархсан байна. Хиймэл дагуулын зургаас үзвэл утаа Туркийн эргээс 150 км зайтай орших Кипр аралд хүрчээ.
Нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан Режеп Тайип Эрдоан нутгийн оршин суугчидтай уулзаж, орон гэр нь түймэрт өртсөн хүмүүст зургаан сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан байна. Туркийн түймрийг унтраахад Орос, Украин, Иран, Азербайжаны нисэх хүчин оролцож буй. Мөн Казахстан болон Гүрж туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.